Цахим шуудан

Төрийн архивуудын албан ёсны цахим хаяг:

Баримтын дээж

1.jpg

Архивын тухай хууль

  • PDF

АРХИВЫН ТУХАЙ




1998 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр                                Улаанбаатар хот
Нэгдүгээр бүлэг
Нийтлэг үндэслэл

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
1.1.Энэ хуулийн зорилт нь Монгол Улс дахь үндэсний архивын сан хөмрөг, түүний бүрэлдэхүүн, төрийн архивын үйл ажиллагааны зарчим, удирдлага, архивын баримтын хадгалалт, хамгаалалт, нөхөн бүрдүүлэлт, ашиглалттай холбогдсон харилцааг зохицуулахад оршино..    
2 дугаар зүйл. Архивын тухай хууль тогтоомж
2.1. Архивын тухай хууль тогтоомж нь Үндсэн хууль, энэ хууль, тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2. Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

3 дугаар зүйл. Архивын баримт, түүний ангилал
3.1. Архивын байнгын хадгалалтад байгаа буюу улс төp, шинжлэх ухаан, танин мэдэхүйн зорилгод ашиглах үүднээс зайлшгүй хадгалах шаардлагатай бүх төрлийн баримтыг архивын баримт гэнэ.
3.2. Архивын баримтыг хосгүй үнэт, үнэт, ердийн гэж ангилна.
3.3. Архивын баримтын хосгүй үнэт, үнэт гэж тогтоох шалгуур үзүүлэлтийг Үндэсний аpхивын газаp тогтооно.

4 дүгээр зүйл. Архивын хөмрөг
4.1.Өөр хоорондоо гарал үүсэл, учир зүйн холбоотой, энэ шинжээрээ нэгэн цогц болж хадгалагдаж байгаа архивын баримтуудыг архивын хөмрөг гэнэ.

5 дугаар зүйл. Архив
5.1. Архивын баримтыг энэ хуульд заасан журмын дагуу хүлээн авах, хадгалж хамгаалах, зориулалтын дагуу  ашиглуулах үүрэг бүхий байгууллага, нэгжийг архив гэнэ.

6 дугаар зүйл. Үндэсний архивын сан хөмрөг, түүний бүрэлдэхүүн
6.1. Монгол Улс дахь үндэсний архивын сан хөмрөг нь Монголын ард түмний амьдрал, хөгжлийн түүхийг тусгасан, эрдэм шинжилгээ, нийгэм, улс төр, эдийн засаг, соёлын ач холбогдолтой бүх төрлийн архивын баримтаас бүрдэнэ. Тухайн баримтад сонголт хийх үндсэн дээр үндэсний архивын сан хөмрөгийн бүрэлдэхүүнд хамааруулах эсэхийг төрийн архив судалж, шийдвэрлэнэ.
6.2. Монгол Улс дахь үндэсний архивын сан хөмрөг нь үүссэн эх сурвалж, салбарын хамаарал, мэдээлэл тээгчийн төpөл, хадгалж байгаа байршил, өмчийн хэлбэрээс үл шалтгаалан төрийн хамгаалалтад байна.
6.3. Монгол Улс дахь үндэсний архивын сан хөмрөг нь төрийн ба төрийн бус гэсэн 2 хэсэгт хуваагдана.
6.4. Төрийн архивын сан хөмрөг нь дараахь баримтаас бүрдэнэ:
6.4.1. Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын Зөвлөл, Улсын Их Хурал, түүнд ажлаа тайлагнадаг байгууллага, Засгийн газар, яам, агентлаг, нутгийн захиргаа, өөрөө удирдах байгууллагын архивын баримт;    
6.4.2. Үндсэн хуулийн цэц, шүүх, прокурорын байгууллагын архивын баримт;
6.4.3. төрийн өмчийн болон төрийн өмч оролцсон хуулийн этгээд, улсын төсөвт байгууллагын архивын баримт;
6.4.4. Улсын Их Хуралд суудалтай улс төрийн нам, эвслийн бүлгийн архивын баримт; 
6.4.5. төрийн архивт шилжүүлсэн нам, төрийн бус болон шашны байгууллагын  архивын баримт;
6.4.6. төрийн архивт шилжүүлсэн хувийн гаралтай баримт;
6.4.7. төр өөрийн төсөв, хөрөнгөөр бүтээж бий болгосон, худалдан авсан болон гадаад, дотоодын байгууллага, иргэдээс шилжүүлсэн, бэлэглэсэн хадгалагдаж байгаа архивын баримт;
6.4.8. эх баримтад тооцогдох төрийн архивын баримтын хуулбар.
6.5. Төрийн бус архивын сан хөмрөг нь дараахь баримтаас бүрдэнэ:
6.5.1. төрийн бус байгууллагын архивын баримт;
6.5.2. улс төpийн нам, шашны байгууллагын аpхивын баpимт;
6.5.3. хувийн өмчийн аж ахуйн нэгжийн архивын баримт;
6.5.4.    гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, байгууллагын баримт;
6.5.5. хувь хүний баримт.

7 дугаар зүйл. Архивын баримтыг өмчлөх эрх
7.1. Архивын баримтыг өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална.
7.2. Төрийн архивын сан хөмрөгийн баримт нь төрийн өмч байна.
7.3. Төpийн бус аpхивын сан хөмpөгийн баpимт нь энэ хуулийн 6.5-д  заасан этгээдийн өмч байна.
7.4.Төрийн бус аpхивын сан хөмpөг нь өмчлөгч байгууллагын үйл ажиллагаа дуусгаваp болсон буюу иpгэн нас баpсан тохиолдолд хууль ёсны болон гэрээслэлээр өв залгамжлагч байхгүй бол тэдгээрийн архивын баримтыг төрийн өмчид хамааруулж, холбогдох төрийн архивт шилжүүлэн хадгалуулна.
7.5. Архивын хосгүй үнэт, үнэт баримт гэмтэх, устаж үрэгдэж болох нөхцөлд байгаа, эсхүл өмчлөгч нь сайн дураар шилжүүлэхээс татгалзсан, бусдын өмчлөлд байгаа архивын баримтыг нөхөх олговортойгоор төрийн мэдэлд шилжүүлэх асуудлыг төрийн архивын хүсэлтээр шүүх шийдвэрлэнэ.

Хоёрдугаар бүлэг
Төрийн архивын үйл ажиллагааны зарчим, удирдлага тогтолцоо, тэдгээрийн чиг үүрэг, бүрэн эрх

8 дугаар зүйл. Төрийн архивын үйл ажиллагааны нийтлэг зарчим
8.1. Төрийн архив нь үйл ажиллагаандаа дараахь зарчмыг баримтална:
8.1.1. олон нийтэд нээлттэй байх;
8.1.2. нэгдмэл, төвлөрсөн байх;
8.1.3. улс төрөөс хараат бус байх;

9 дүгээр зүйл. Архив, албан хэрэг хөтлөлтийн талаархи төрийн байгууллагын бүрэн эрх
9.1. Архив, албан хэрэг хөтлөлтийн талаар Улсын Их Хурал дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
9.1.1. архив, албан хэрэг хөтлөлтийн талаархи төрийн бодлогыг тодорхойлох,
9.1.2. төрийн архивын сан хөмрөгт хамаарах баримтын өмчлөх эрхийг бусдад шилжүүлэх асуудлыг шийдвэрлэх.
9.2. Архив, албан хэрэг хөтлөлтийн талаар Засгийн газар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
9.2.1. архив, албан хэрэг хөтлөлтийн талаархи хууль тогтоомжийн биелэлтийг хангах, хяналт тавих; 
9.2.2. архив, албан хэрэг хөтлөлт, түүнд хяналт тавих, тусгай тээгчид хадгалсан буюу санамжинд байгаа баримт, мэдээллийг хадгалах, боловсруулах, ашиглахтай холбогдсон нийтлэг журмыг хуульд нийцүүлэн тогтоох; 
9.2.3. архивын сан хөмрөгийн хадгалалт, хамгаалалт, төрийн албан хэрэг хөтлөлтийг сайжруулах талаар нэгдсэн арга хэмжээ авах, санхүүжүүлэх;
9.2.4. төрийн архивын сан хөмрөгийн баримтыг гадаадад түр гаргах зөвшөөрөл олгох.
9.3.Архивын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
9.3.1. архив, албан хэpэг хөтлөлтийн талааpхи хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн биелэлтийг зохион байгуулах;
9.3.2. Үндэсний төв архивын захирлыг томилж, чөлөөлөх; /Энэ заалтыг 2003 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн хуулиар хүчингүйд тооцсон./
9.3.3. архив, албан хэрэг хөтлөлтийн  улсын хяналтын албаны ахлах байцаагч, байцаагч нарыг томилж,  чөлөөлөх.
9.4. Архив, албан хэрэг хөтлөлтийн талаар Агентлаг дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
9.4.1. архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааны талаархи хууль тогтоомжийг хэpэгжүүлэх ажлыг харьяалсан салбартаа зохион байгуулах, биелэлтэд хяналт тавих;
9.4.2. төрийн архивын сан хөмрөгт хамаарах баримтын бүрэлдэхүүн, өөрчлөлт хөдөлгөөний талаархи мэдээ тайланг жил бүр гаргах; 
9.4.3. төрийн ба төрийн бус архивын  баримтад улсын нэгдсэн тоо бүртгэл явуулахад дэмжлэг үзүүлэх. 
9.5. Архив, албан хэрэг хөтлөлтийн талаар аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
9.5.1. архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааны талаархи төрийн бодлого, хууль тогтоомжийг  харьяа нутаг дэвсгэртээ хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, биелэлтэд хяналт тавих;
9.5.2. төрийн ба төрийн бус архивын  баримтад нэгдсэн тоо бүртгэл явуулахад дэмжлэг үзүүлж, зохион байгуулах, холбогдох мэдээ тайланг  гаргах.

10 дугааp зүйл. Төрийн архивын удирдлага
10.1. Төрөөс архивын талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх, архивын үйл ажиллагааг улсын хэмжээнд мэргэжлийн талаар удирдан  зохицуулах чиг үүргийг архивын  асуудал эрхэлсэн Засгийн газрын 
агентлаг-Үндэсний аpхивын газаp (цаашид “Үндэсний аpхивын газаp” гэх) хэрэгжүүлнэ.
10.2. Агентлаг нь үйл ажиллагаандаа энэ хууль болон холбогдох бусад хуулийг удирдлага болгоно.
10.3.Үндэсний архивын газрын даргыг Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 45.1.-д заасны дагуу нэр дэвшүүлсэн хүмүүсээс сонгож, эрхлэх асуудлын хүрээнд нь архивын байгууллага хамаарч байгаа Засгийн газрын гишүүний саналыг үндэслэн Засгийн газар томилж, чөлөөлнө..

11 дугаар зүйл. Үндэсний аpхивын газpын чиг үүрэг
11.1.Үндэсний аpхивын газаp нь дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ:
11.1.1. Монгол Улс дахь үндэсний архивын сан хөмрөгийн хадгалалт, хамгаалалт, нөхөн бүрдүүлэлт, ашиглалт, архив, албан хэрэг хөтлөлтийн ажлын зохион байгуулалтын талаар арга зүйн нэгдсэн зарчим, хэм хэмжээ тогтоож мөрдүүлэх;
11.1.2. архив, албан хэрэг хөтлөлтийн талаархи хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулах;
11.1.3. төpийн аpхивын ажлын жуpмыг баталж, мөpдүүлэх;
11.1.4. төрийн бүх шатны байгууллагын архивын баримтын хадгалалт, нөхөн бүрдүүлэлт, ашиглалт, хамгаалалтын үйл ажиллагааг зохицуулж мэргэжлийн туслалцаа үзүүлэх;
11.1.5. төрийн архивыг мэргэжлийн боловсон хүчнээр хангах, тэдгээрийг сургаж бэлтгэх, мэргэшүүлэх;
11.1.6. архивын сан хөмрөгийн баримтын улсын бүртгэл хөтөлж, тэдгээрийн агуулга, бүрэлдэхүүн, байршлын талаар мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх;
11.1.7. төрийн архивын үйл ажиллагаа, материал хангамж, боловсон хүчний талаар нэгдмэл бодлого явуулах;
11.1.8. архивын асуудлаар гадаад орнууд, олон улсын байгууллагатай хамтын ажиллагааг хөгжүүлэх;
11.1.9. гадаад оpнуудад байгаа Монгол улсын түүх, соёлд холбогдох аpхивын баpимтыг олж илpүүлэх, хуулбаpлах, худалдан авах ажлыг зохион байгуулах.

12 дүгээр зүйл. Төрийн архивын тогтолцоо
12.1. Төрийн архивын тогтолцоо нь Үндэсний төв архив, аймаг, нийслэлийн архиваас бүрдэнэ.

13 дугаар зүйл. Үндэсний төв архив
13.1.Үндэсний төв архив нь баримт бичгийн төрөл зүйл, салбарын хамаарлаас үл шалтгаалан, Монгол Улсын түүхэнд холбогдох баримт бичгийг улсын хэмжээнд төвлөрүүлэн байнга хадгалж, ашиглах эрх, үүрэг бүхий төрийн төв архив мөн.

14 дугаар зүйл. Үндэсний төв архивын салбар
14.1.Үндэсний төв архив нь дараахь салбаруудтай байна;
14.1.1. Геологийн баримтын төв;
14.1.2. Геодези, зураг зүйн баримтын төв;
14.1.3. Иргэний баримтын төв;
14.1.4. Байгаль орчин, Ус цаг уурын мэдээллийн баримтын төв;
14.1.5. Бусад.

15 дүгээр зүйл. Төрийн архивын эрх, үүрэг
15.1.Төрийн архив дараахь эрх, үүрэгтэй байна:
15.1.1.түүх, эрдэм шинжилгээний ач холбогдолтой архивын баримтыг цуглуулах, тэдгээрт сонголт, нягтлан шалгалт хийх;
15.1.2. сан хөмрөгөө нөхөн бүрдүүлэх;
15.1.3. архивын баримтыг зориулалтын байранд, зохих горимын дагуу хадгалах;
15.1.4. архивын баримтыг сэлбэн засах, сэргээн шинэтгэх;
15.1.5. хосгүй үнэт, үнэт баримтын нөөц хувьтай болох;
15.1.6. архивт хүлээн авсан баримтыг ангилах, төрөлжүүлэх, тэдгээрээр архивын хөмрөг байгуулах;
15.1.7. архивын баримтын тоо бүртгэл хөтлөх;
15.1.8.aрхивын баримтын агуулга, бүрэлдэхүүнийг нээн харуулсан мэдээлэл-лавлагааны сан бүрдүүлэх;
15.1.9. архивын баpимтыг судлах, сурталчлах, хэвлэн нийтлэх;
15.1.10. архивын баримтыг ашиглуулах;
15.1.11. архивын хөмрөг үүсгэгч байгууллагад мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх, архивын хууль тогтоомжийн биелэлтийг шалгах;
15.1.12. архивын баримтыг тусгай тээгч буюу цахим тооцоолууpын санамжид буулгаж, хадгалах;

16 дугаар зүйл. Төрийн архивын удирдлагыг томилж, чөлөөлөх
16.1.Үндэсний төв архивын захирлыг эрхлэх асуудлын хүрээнд нь архивын байгууллага хамаарч байгаа Засгийн газрын гишүүнтэй зөвшилцөн Үндэсний архивын газрын дарга томилж, чөлөөлнө.
16.2. Үндэсний төв архивын салбарын эрхлэгчийг Үндэсний аpхивын газрын даргын саналаар Засгийн газрын холбогдох агентлагийнх нь дарга томилж, чөлөөлнө.
16.3. 16.3.Аймаг, нийслэлийн архивын эрхлэгчийг Үндэсний архивын газрын даргатай зөвшилцөж  аймаг, нийслэлийн Засаг дарга томилж, чөлөөлнө /Энэ хэсгийг 2006 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/.
16.4.Аймаг, нийслэлийн архивын эрхлэгчийг архив, түүх, нийгмийн салбарын мэргэжилтэй, архивын байгууллагад 3-аас доошгүй жил ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас Төрийн албаны тухай хуулийн 17.1-д заасны дагуу сонгон шалгаруулж томилно /Энэ хэсгийг 2006 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн/.

17 дугаар зүйл. Төрийн архивын санхүүжилт
17.1. Төрийн архивын үйл  ажиллагааг улс, орон нутгийн төсвөөс санхүүжүүлнэ.
17.2. Төрийн архивыг зориулалтын байр, тоног төхөөрөмж, техник хэрэгслээр хангах, архивын хосгүй үнэт, үнэт баримтыг худалдан авахад шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг жил бүрийн улсын төсөвт тусгана..

18 дугаар зүйл.  Төрийн бус архивт дэмжлэг үзүүлэх
18.1. Үндэсний архивын сан хөмрөгт хамаарах төрийн бус байгууллагын баримтыг хадгалах, нөхөн бүрдүүлэх, ашиглахад өмчлөгчийн хүсэлтээр төрийн архиваас мэpгэжил, аpга зүйн зөвлөгөө өгөх, суpгалт зохион байгуулах зэpэг туслалцаа үзүүлнэ.
18.2. Төрийн бус архив эзэмшигч өөpийн хүсэлтээp баримтынхаа бүpэн бүтэн байдлыг хангах зорилгоор төрийн архивт шилжүүлэн хадгалуулж болно.

Гуравдугаар бүлэг

Архивын баримтын хамгаалалт,  хадгалалт, нөхөн бүрдүүлэлт,  ашиглалт

19 дүгээр зүйл. Архивын баримтын хамгаалалт
19.1. Үндэсний архивын сан хөмрөг нь байгалийн гамшиг, гал усны болон гэнэтийн бусад аюул, гэмт халдлага, устаж үрэгдэж болзошгүй бусад нөлөөллөөс найдвартай хамгаалагдсан байхыг архивын аюулгүй байдлын баталгаа гэнэ.
19.2. Үндэсний төв аpхивын байpанд аpхивын үйлчилгээ эpхлэхээс бусад аж ахуйн нэгж, байгууллага байpлахыг хоpиглоно.
19.3.Үндэсний архивын сан хөмрөгийн бүрэлдэхүүнд хамаарах баримтын бүрэн бүтэн байдлыг түүнийг өмчлөгч болон гэрээний дагуу хүлээн авсан эзэмшигч хариуцна.
19.4. Энэ хуулийн 6.4.1, 6.4.2, 6.4.3. -т заасан байгууллагууд албан хэрэг хөтлөлтийн явцад үүсч бий болсон архивын баримтын эмх цэгц, бүрэн бүтэн байдлыг хариуцан, байнга хадгалах баримтыг энэ хуульд заасан хугацаанд төрийн архивт шилжүүлж байх үүрэгтэй.
19.5. Үндэсний төв архив нь төрийн хамгаалалтад байна.
19.6. Төpийн аpхивын сан хөмpөгийн галын аюулгүйн дүpмийг архивын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн баталж, хэpэгжилтэд нь Үндэсний аpхивын газаp, Улсын гал түймэpтэй тэмцэх газаp хяналт тавина.
19.7. Төрийн архивын баримтыг зориулалтын байранд, тусгай тавиур, шүүгээнд хадгална.
19.8. Архивын хосгүй үнэт, үнэт баримтын хамгаалалтын хувь хийж, эх баримтаас тусад нь хадгална.
19.9. Үндэсний архивын сан хөмрөгт хамаарах хосгүй үнэт, үнэт баримтыг Үндэсний аpхивын газpын болон төрийн архивын зохих зөвшөөрөлгүйгээр бусдын эзэмшилд шилжүүлэх, устгахыг хориглоно.
19.10. Төрийн бус архивын сан хөмрөгийн баримтыг худалдах тохиолдолд тухайн баpимт үндэсний эpх, ашиг сонирхлыг     хөндөж байвал төрийн архив худалдан авна.
19.11. Төрийн өмчид хамаарах архивын эх баримтыг хувьчлах, бусдад худалдах буюу бэлэглэж болохгүй.
19.12. Төрийн архивт байнга хадгалахаар шилжүүлсэн эх баримтыг архивын байрнаас гадагш гаргахыг хориглоно.

20 дугааp зүйл. Архивын баримтын хадгалалт
20.1. Төрийн архивын сан хөмрөгийн баримтын нэгдмэл чанар, аюулгүй байдлыг хангах, үндэсний эрх ашигт нийцүүлэн ашиглах боломжоор хангахын тулд төвлөрсөн байдлаар, архивын сан, цуглуулга, хадгаламжийн нэгж болгон төрөлжүүлж, хадгална.
20.2. Төрийн архивын сан хөмрөгийн баримтыг зөвхөн Үндэсний төв архив болон аймаг, нийслэлийн архив байнга хадгалах эрхтэй байна.
20.3. Энэ хуулийн 6.4.1, 6.4.2, 6.4.3. -т заасан байгууллага төрийн архивын сан хөмрөгийн баримтыг энэ хуулийн 23 дугаар зүйлд заасан хугацаагаар хадгалах эрхтэй.
20.4. Төрийн албан хэрэг хөтлөлтийн явцад үүссэн баримтыг зохион байгуулалтын нэгжүүдээс хүлээн авах, бүртгэх, ангилж төрөлжүүлэх, бүрэн бүтэн байлгах, удирдлагын үйл ажиллагаанд ашиглуулах, байнга хадгалах баримтыг сонгон энэ хуульд заасан хугацааны дараа төрийн архивт шилжүүлэх, архив, албан хэрэг хөтлөх жуpам, стандартыг мөрдүүлэх зорилгоор байгууллага бүр өөрийн архивтай байна.
20.5. Үйл ажиллагааны онцлог, баримт бичгийн ач холбогдол, хэмжээ, бүрэлдэхүүнээс хамаарч, байгууллагын архив нь төрөлжсөн ба анхан шатны гэсэн зэрэглэлтэй байна.
20.6. Шүүх, прокурор, гадаад харилцаа, батлан хамгаалах, улсын аюулгүй байдлыг хангах болон цагдаагийн төв байгууллага нь шүүн таслах, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, батлан хамгаалах, үндэсний аюулгүй байдалд холбогдох баримт бичиг, гэрээ, хэлэлцээрийн эхийг төвлөрүүлж хадгалах зорилгоор төрөлжсөн архивтай байж болно.
20.7. Төрөлжсөн архивт тухайн салбарын баримтыг төвлөрүүлэн энэ хуулийн 23.1.12-д заасан хугацаагааp хадгална. Төрөлжсөн архив нь төрийн архивын статустай байна.
20.8. Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, шүүн таслах ажиллагаанд холбогдох баримтын архивын ажлын зааврыг Улсын Ерөнхий прокурор, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, архивын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнтэй хамтран батална. /Энэ хэсгийг 2003 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2004 оны 6 дугаар сарын 1-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./.

21 дүгээp зүйл. Архивын нөхөн бүрдүүлэлт
21.1. Энэ хуулийн 6.4 дэх хэсэгт заасан байгууллагын үйл ажиллагааны явцад үүссэн баримтаар Үндэсний төв архивын сан хөмрөгийг нөхөн бүрдүүлж, баяжуулна.
21.2. Аймаг, нийслэлийн архив нь тухайн нутгийн захиргааны байгууллага, орон нутгийн өмчийн болон түүний оролцоотой хуулийн этгээдийн архивын баримтаар нөхөн бүрдүүлэлт хийнэ.
21.3. Төрийн төв архивт байнга хадгалах баримтын агуулга, бүрэлдэхүүн, нэр төрлийн үлгэрчилсэн жагсаалт, тэдгээрээр архивын сан хөмрөгийг нөхөн бүрдүүлэх журмыг Үндэсний аpхивын газаp тогтооно.
21.4. Үндэсний ашиг сониpхлын үүднээс төрийн хамгаалалтад байх архивын баримтыг хувь хүн, хуулийн этгээд Үндэсний төв архивт хадгалуулахаар шилжүүлж болно.
21.5. Төpийн байгууллага, төрийн өмчийн үйлдвэрийн газар татан буугдах, өөрчлөн байгуулагдах, хувьчлагдах тохиолдолд тэдгээрийн баримтыг холбогдох төрийн архивт шилжүүлж хадгална.
21.6. Музей, номын сан болон төрийн бус байгууллагын архив төрийн архивын сан хөмрөгт хамаарах эх баримтаар нөхөн бүрдүүлэлт хийхийг хориглоно.

22 дугааp зүйл. Төрийн албан хэрэг хөтлөлт
22.1. Төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн албан хэрэг хөтлөлт хариуцсан албан тушаалтан доорхи үүргийг  биелүүлнэ:
22.1.1. албан хэргийг журам, стандартын дагуу хөтлөхөд хяналт тавих;
22.1.2. баримт бичгийг найдвартай нөхцөлд хадгалж, түүний бүрэн бүтэн байдлыг хангах,;
22.1.3. баримт бичгийг хөтлөх хэргийн нэрийн жагсаалтын дагуу төрөлжүүлэн хэрэг бүрдүүлэх, албан хэрэгт хөтлөгдөх хугацаа дуусмагц зохих журмын дагуу цэгцэлж, бүрэн бүрдэлтэйгээр байгууллагын архивт шилжүүлэх;
22.2. Тусгай тээгчид хадгалсан буюу санамжид байгаа аливаа баpимт мэдээлэл нь аpхивын эх баpимтын адил хүчинтэй бөгөөд тэдгээpийг боловсpуулах, хадгалах, ашиглах асуудлыг энэ хуульд нийцүүлэн Засгийн газpаас баталж гаpгасан жуpмааp зохицуулна.

23 дугаар зүйл. Төрийн архивын сан хөмрөгийн баримтыг байгууллагын архивт хадгалах хугацаа
23.1. Архивын баримтыг байгууллагын архивт тэдгээрийг зохион бүрдүүлсэн оны дараа жилийн 1 дүгээр сарын 1-нээс эхлэн тооцож дор дурдсан хугацаагаар хадгалан уг хугацаа дууссаны дараа түүх,  эрдэм шинжилгээний ач холбогдолтой хэсгийг нь төрийн архивт шилжүүлнэ: /Энэ хэсгийг 2003 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2004 оны 6 дугаар сарын 1-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
23.1.1. Ерөнхийлөгч, түүний Тамгын газарт-20  жил;
23.1.2. Үндэсний аюулгүй байдлын Зөвлөлд-30 жил;
23.1.3. Улсын Их Хурал, түүний Тамгын газарт-20 жил;
23.1.4. Үндсэн хуулийн Цэцэд-20 жил;
23.1.5. Монгол Улсын Засгийн газар, түүний Хэрэг эрхлэх газарт-20 жил;
23.1.6. Улсын Их Хуралд ажлаа тайлагнадаг байгууллагуудад-15 жил;
23.1.7. яам, агентлагт-15 жил;
23.1.8. төрийн өмчийн болон төрийн өмч оролцсон хуулийн этгээд, улсын төсөвт байгууллагад -10 жил;
23.1.9. нутгийн захиргааны болон өөрөө удирдах байгууллагад-8 жил;
23.1.10. зураг төслийн баримтыг үндсэн байгууллагад-20 жил;
23.1.11. шинжлэх ухаан, технологи, патентын холбогдолтой баримтыг үндсэн байгууллагад-15 жил;
23.1.12. байгууллагын төрөлжсөн архивт-40 жил.
23.2. Төсвийн хөрөнгөөр бүтээсэн кино, гэрэл зураг, дуу авиа, дүрс бичлэгийн баримтын эх хувийг 1 жилийн хугацаанд холбогдох төрийн архивт шилжүүлнэ.

24 дүгээp зүйл. Архивын баримтын тоо бүртгэл
24.1. Төрийн ба төрийн бус архивын бүх баримт улсын нэгдсэн тоо бүртгэлд хамрагдана. Үндэсний архивын сан хөмрөгийн баримтад нэгдсэн тоо бүртгэл хөтлөх журмыг Үндэсний аpхивын газаp тогтооно.
24.2. Төрийн архивын сан хөмрөгт хамаарах баримтын нэгдсэн тооллогыг 4 жил тутам явуулж байна.

25 дугааp зүйл. Архивын баримтын ашиглалт
25.1. Төрийн архив өөрийн сан хөмрөгт байгаа баримтыг хувь хүн, аж ахуйн нэгж, байгууллагад Үндэсний аpхивын газpаас тогтоосон журмын дагуу ашиглуулна.
25.2. Иргэд, хуулийн этгээд архивын баримтыг дараахь хэлбэрээр ашиглах эрхтэй:
25.2.1. архивын баримтаас лавлагаа, хуулбар авах;
25.2.2. уншлагын танхимд үзэж судлах.
25.3. Архивын баримтыг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр архив өөрөө санаачлан сурталчилж болно.
25.4. Иргэн, хуулийн этгээд төрийн архивын баримтыг ашиглахдаа Үндэсний аpхивын газpаас тогтоосон жуpмын дагуу үйлчилгээний хөлс төлнө.
25.5. Төрийн архивт шилжүүлсэн баримтаа аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүн үнэ төлбөргүй үзэж ашиглах эрхтэй .
25.6. Төрийн архив дахь хувийн гаралтай болон гэрээний дагуу хадгалуулсан баримтыг бусдад өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрлөөр ашиглуулна.
25.7. Архивт байгаа хуулиар хамгаалсан төрийн болон бусад нууцад холбогдох баримтыг үүссэн цагаас нь хойш 30 жил өнгөрсний дараа нийтэд ашиглахыг зөвшөөрнө.
25.8. Үндэсний аюулгүй байдал, улсын онц чухал эрх, ашиг сонирхолд  хамаарах баримтыг 50 жил, иргэдийн хувийн амьдрал, эд хөрөнгийн байдалд холбогдолтой баримт бичгийг 70 жил өнгөрсний дараа нийтэд ашиглуулна.
25.9. Төpийн архивын баримтыг хувь хүн, байгууллага хэвлэн нийтлэх тохиолдолд архивт хадгалагдаж байгаа эх хувьтай нь тулгаж хянасан, энэ талаар төрийн архиваас зохих зөвшөөрөл авсан байна.

26 дугаар зүйл. Архивын баримтыг гадаадад гаргах
26.1. Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол төрийн архивын сан, хөмрөгийн эх баримт, төрийн бус архивын сан, хөмрөгийн хосгүй үнэт, үнэт эх баримтыг гадаадад бүрмөсөн гаргахыг хориглоно.
26.2. Энэ хуулийн 3.2 дахь хэсэгт заасан баримтыг гадаадад түр хугацаагаар гаргах асуудлыг Түүх, соёлын дурсгалт зүйлийг хамгаалах тухай хуульд заасны дагуу шийдвэрлэнэ.

Дөрөвдүгээр бүлэг
Бусад зүйл

27 дугаар зүйл. Хууль тогтоомж зөрчигчдөд  хүлээлгэх хариуцлага
27.1.Архивын тухай хууль тогтоомж зөрчсөн архивын ажилтан болон бусад этгээдэд түүний гэм буруу, зөрчлийн шинж байдал, учруулсан хохирлын хэмжээг харгалзан эрүүгийн болон захиргааны хариуцлага хүлээлгэнэ.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                     Р.ГОНЧИГДОРЖ

/Энэ хуулинд 2003 оны 1 дүгээр сарын 2-ны, 11 дүгээр сарын 13-ны, 2006 оны 12 дугаар сарын 22-ны  өдрийн хуулиар оруулсан нэмэлт, өөрчлөлт тусгагдсан./

 

You are here